10/03/2026
Энэ зураг Оросын Агын Буриадын нэгэн настай эмгэний бурхны гүнгэрваанаас саяхан гарч ирсэн юм байна. Зураг дээр буй Санжийн Дармаа гэж хүн Төвдөд хүрч ном үзэхээр Буриад нутгаасаа багадаа гарчээ. Зорьсон газраа ч очиж, ном ч их үзэж, эрдмийн өндөр цол зэрэгт ч хүрч, 36 жилийн дараа нутагтаа харьж ирж. Төрсөн нутаг ойртох тусам яарч явж, Цүүгэлийн дацангийн алтан ганжирын барааг алсаас хараад өвдөг нь бохирон газар суун тусаад уйлж байсан гэнэ. Агын Буриадын Могойтод байсан Зугаалайн дацанд суун ном тавьж, бага шавь лам нарыг заан сургах, нутгийн олныг өвчин зовлонгоос салгахаас өгсүүлээд, хураасан эрдмийн хүчээр амьтны тус буяныг их хийжээ. 1930-аад онд большевик харгисууд бурхан ном устгаж эхэлсэнд, хийдэд сууж байсан ач дүү Моломыг хар болгож сургуульд оруулсан гэнэ. 1937 онд баригдаж Чита хотын мөрдөнд хагас жил суужээ. “Өдөрт хоол бэлэн, нарны гэрэл үзэхгүй, хүн саад болохгүй, ном бясалгахад таатай сайхан газар байна” гэж бусдадаа ярьж байж. Нэг өдөр “Гэртээ харих цаг болов. Ханиндаа явах хүн байна уу?” гэсэнд хамт суусан лам нар их гайхаж. Гэтэл нэг залуу лам “Би явъя” гэжээ. Тэгсэнд “Байгаа юмаа нөхдөдөө өгчих. Чи бид хоёр хариад юмаар дутах биш, эдэнд хэрэг болог” гэжээ. Өглөө бостол хоёр лам амьсгал хураасан байв. Тэднийг номын хүчээр Сугаавадийн орон буюу дээд диваажинд одсоныг хамт байсан хүмүүс төдийд ойлгож. Тэдгээр хүмүүсийн нэг Тэхийн Базар гэдэг лам хожим Сталины хорих газраар олон жил явж арай гэж амьтай голтой ирээд “Багшийг тэгэхэд хамт л явдаг байж. Юунд явах гэж байгааг нь гадарласан ч, хэлэх зүрх арай хүрэлгүй үлдсэн юм. Диваажинд явах заяа дутсанаас амьдын там үзлээ” гэж их харамсаж байжээ. (Үүнтэй яг ижил явдал манай монгол лам нарын тухай хуучид ч гардаг) Дээр нэр гарсан Молом, ахынхаа хайрласан сахиусыг биеэс салгалгүй хадгалж дайнд яваад таван удаа шархадсан боловч амьд мэнд харьж ирсэн тухай хүү Балжинням нь хожим ярьсан байна. Энэ Балжинням Цыренов гэж хүн одоо Эрмитажид буй Чингисийн чулууны бичгийн анх 1802 онд олдсон газар уг эхийг нь дуурайлган ердөө өнгөрсөн долоо хоногт босгосон гэрэлт хөшөөг хийсэн хүн юм байна. (Тэр хөшөөг Өвөр Байгалийн хязгаарын Приаргунский районы нутаг хөдөө, яг олдсон газар нь босгосон. Сонирхох хүн бий бол товч мэдээ нь duuren.life сайтад өчигдөр гарсан бий).
Буриад бол хэзээнээсээ дээдийн ном их дэлгэрсэн газар. Анх 1746 онд Халхаас 50 лам ирж “Жадамба” хурж хурал ном үүтгээд Номт гэж голын эрэг Мөнгөн дов гэдэг газар гэр дуган барьсан гэж эх сурвалжуудад бичжээ. Улмаар Сэлэнгийн баруун биеэр сүм дуган барьж эхэлсний нэг болох Санагын хийд (Дашпунцоглин) мөн тэр үед үүсээд шавь лам нар олширсоор олон модон дугантай болж, 1880 онд эхлэн нутгийн баячууд, чинээлэг лам нар хөрөнгө гаргахын зэрэгцээ Буриадын бүх нутаг төдийгүй Эрхүү, Чита хотууд болон Богдын хүрээнээс хандив цуглуулж цогчин дуган барьсан нь хааш хаашаа 24 метр, гурван давхар, дээрээ алтан ганжиртай, үүдэндээ дөрвөн махаранзтай, гадар, дотроо алт, мөнгө, зэс гууль, мод, хоргой, торгоор хийсэн гоёл чимэг маш олон, бурхан тахил ихтэй, Бурхан багш, Цагаан, Ногоон дара эх тэргүүтэй таван мянга бурхан залжээ. Их цагаан хэмээх энэ дуганын барилгыг 1882 онд гүйцээж аравнайлан нутаг нугаараа гурав хоног найр наадам хийжээ. Цогчин дуганаа тойроод Чойрын, Дүйнхорын, Майдарын, Жүд, Манба, Маанийн, Диваажин гэхчлэн 11 дацан, дуган, олон суваргатай байв. Буриадын нутаг нутгаас эргэл мөргөлийн улс төдийгүй Монгол, Төвд, Балба, Энэтэхэгээс номтой лам нар, урчууд ирдэг байжээ. Хурал, цамыг нутаг нутгаараа даадаг. Цанидын хурлыг Утаатынхан, Жүдийн хурлыг Цагаан морьт, Дархинтынхан, Мамба дацангийнхыг Нуурт, Хуурай цахирынхан гэхчлэн. Санагын хийд буюу Санагын хүрээ ид үедээ 700 ламтай, гавж, лхаарамбын дамжаа барьдаг, бүтэн Ганжуур, Данжууртай, бархантай, тэндээ хэвлэсэн төдийгүй энд тэндээс цуглуулсан олон мянган ном бүхий сантай, цам гардаг байв. Анхны цам 1842 онд гарчээ. Бас Тувааны Очир гэж баян хүн хөрөнгийг нь гаргаж бариулсан Жарүн хашорын суваргатай.
Монгол, Буриадын сүм хийдүүд хоорондоо байнгын нягт харилцаатай байсны нэг жишээ нь энэ Санагын хүрээгээр илрэх бөгөөд одоогийн манай Хөвсгөл аймагт байсан Даян дээрхийн хүрээний Нямбуу лхаарамба харьцангуй хожим буюу 1926-1928 онд Санагын хүрээнд залагдан хамбаар нь сууж хоёр боть бүтээл туурвижээ. Хориод оны сүүлээр Даян дээрхийн хүрээний гол цогчин дуганд гал гарч их сүйдсэнд Санагын хүрээнээс 500 ширхэг гөлмөн төмөр хандиваар ирүүлж, тэр төмрөөр шинэ дуганын дээврийг хийж байжээ. Мөн Санагын хүрээнээс Даян дээрхийн хүрээнд цамын хувцас хэрэглэл олноор ирүүлж байсныг нүдээр үзсэн хүн ярьсан баримт байна.
Буриадад энэ мэт сүм хийд маш олон байж, шашин шүтлэг төдийгүй эрдэм соёл, мэдлэг оюуны өлгий, Орос дахь монголчуудын нэгдэл нягтралын голомт болж байсныг 1930-аад онд большевик улаан засаг хайр найргүй устгасан. Сонирхол татсан нэгэн зургаас үүдэн тэдгээр сүм орны зөвхөн нэгний тухай өчүүхэн олж мэдсэнээ зурвасхаан хуваалцав.
-Amgalan Buyanjargal